Wednesday, January 3, 2007

Бариач Доржийн Дондогийнхон

Би яагаад ч юм өвөг дээдэс, аав ээжийнхээ тухай бичие гэж бодлоо. Өвөө маань миний өндөр эцэг Дондогийн тухай ярьж байхад нь бага байсан болоод ч тэр үү тогтоож аваагүй билээ. Тэгээд энэ зун гэнэт ааваасаа асуумаар санагдаад ярьсан зүйлийг нь тэмдэглэн авснаа та бүхэнд хүргэж байнаа.

Миний өндөр эцэг /аавын минь өвөө/ болох нутагтаа Бүдүүн Дондог гэж алдаршсан Буйлаа ураатай Мохоо хутгат Моотгон Харгана омогтой Намсрайн Цэрэндоржийн Дондог нь 1885 онд Оросын Чита мужийн Онон районы Могойт гэдэг газар төрсөн. Эх орны 1-р дайнд оролцож нутгийн эрчүүдтэй хамт Байгаль далайн баруугаар ачааны вагонд ачигдаж яваад эсэн мэнд эргэн ирж тэр үеийн үймээн самуунаас дайжин зугтаж Монгол нутагт орж ирж одоогийн Дорнод аймгийн Дашбалбар сумын Сэвсүүл-Жараахай багийн нутаг Сэвсүүл орчмоор нутаглах болжээ.

Дондогийн аав ээж нь том хүү дов шарлуулах естой гэж Долгор гэх эмэгтэйтэй гэр бүл болгон тугалтай үнээ, хургатай хонь, ишигтэй ямаа тус бүр нижгээдийг тасалж тарчигхан амьдарч байгаад сүүлдээ өөрийн гэсэн овоо хэдэн малтай болж Сэвсүүлийн Бөөн бургасанд өвөлжөө барьж цэнгэг устай худаг гарган /модон хашаатай худаг нь одоо ч бүтэн байгаа/ өвөлжиж Саягийн бүрд, Сэвсүүлээр зусаж, Зүүн булаг, Бөөний зүүн булан гэдэг газраар намарждаг байлаа.

Эхнэр Долгор нь 1891 онд Онон районы Ималхын ухаагийн өвөрт төрсөн. өөрөөс нь хүүхэд гараагүйн улмаас охин Норжмаа, хүү Бадам хоёрыг бага нялхад нь үрчилж авсан нь сүүлд өсөн үржиж 5 ач, 1 зээтэй өнөр өтгөн айл болсон юм.

Сүүлд Дондогийнх нэлээд хэдэн малтай болж “Цогдэлгэр” нэгдэлд орохдоо 600-аад хонь, 300-аад ямаа, 2 азарга адуу, олон арван үхэр тэмээгээ нийгэмчилж “Улз” нэгдэлд хонь адуулж байгаад 79 насандаа 1964 онд өвчнөөр өөд болсон юм.

Тэрээр Сэвсүүл, Бөөн Жараахай, Мардай, Ногоон бүрд, нутагтаа нэртэй бариач, илээч мөн гэрийн мод, тэрэг чарга, араг савар, хутга шөвөг дархалдаг, чөдөр ногт, хазаараа зангиддаг муугүй дархан хүн байсан гэдэг. Мөн тугалгаар сум цутган цахиур замагтай урт хар буугаар 50 гарсан хойноо ч тарвага агнадаг байв. Тэр бууг ач нар нь сүүлд сумын “Орон нутгийг судлах музей”-д өгсөн нь одоо дахин олдохгүй ховор үзмэр болон үлджээ.

1916 онд төрсөн хүү Бадам /миний өвөө/ нь Балын Даримаатай гэр бүл болоод дараа жил нь 1937 онд цэрэгт татагдан эх орны дайны жилүүдэд 6 жил цэргийн алба хааж, 1945 онд түр цэрэгт татагдан өөрийн халзан хээр мориороо чөлөөлөх дайнд оролцон Хятадын Долоннуур хүртэл явж ирсэн ахмад дайчин, аймаг сумын тэргүүний малчны нэг байлаа.

Бадамынх Дуламсүрэн, Лувсан, Янжим, Дашдорж, Дашням гэдэг 2 охин, 3 хүүгээ эрүүл саруул өсгөн бойжуулж хүний зэрэгт хүргэв.

Дондогийн төрсөн дүү Дамдинов Балбар нутагтаа нэртэй сайн бариач Орос улсын Чита мужийн Онон районы Кубулхаев тосгонд амтдарч байсан ба дүү Догнид нь Улз голоор, охин дүү Балуу нь Ногоон Бүрдээр нутагладаг байжээ.

Хүү Бадамын төрсөн ээж Дагвын Цэрэндулам, түүний 2 охин нь Онон районы Заря колхозод, бэр Шийнаан Шийравын Балын өргөмөл охин Даримаагийн төрсөн ээж Түхээн Бадамын Тамжид гэдэг эмэгтэйгээс төрсөн дүү нараас нь, тухайлбал Башлийн Цэрэнэй Цэрэпилийн Мухлай нь ОХУ-ын Соловьескд, бусад бага дүү нар нь Боорж орчмоор, нэг дүү Балжмаа нь Өвөр Монголын Хөлөнбуйр аймгийн Шинэхээнд гэх мэтээр гурван улсын зааг залгаа нутгаар аж төрөн амьдарцгааж байна. Тэдгээрийн үр сад хэд хичнээн хүн одоо байгааг мэдэх арга үгүй болжээ. Зөвхөн Бадамынх гэхэд 20 гаруй ач зээтэй болсон байгаа.

No comments: